Лук 24:14-27
Лук 24:14-27 АБ2013
Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. Есүс тэдэнд —Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа. Тэдний нэг, Клеоп гэгч Түүнд —Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд түр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу? гэхэд Тэр тэдэнд —Юу тэр билээ? гэв. Тэгтэл тэд Түүнд —Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм. Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж Түүнийг цовдолсон. Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булшин дээр очоод, Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэрэлч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярилаа. Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд Есүс —Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.