Лук 24:13-35

Лук 24:13-35 АБ2013

Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. Есүс тэдэнд —Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа. Тэдний нэг, Клеоп гэгч Түүнд —Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд түр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу? гэхэд Тэр тэдэнд —Юу тэр билээ? гэв. Тэгтэл тэд Түүнд —Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм. Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж Түүнийг цовдолсон. Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булшин дээр очоод, Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэрэлч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярилаа. Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд Есүс —Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. Тэд зорьж явсан тосгондоо ойртох үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв. Тэд Түүнийг ятган —Бидэнтэй хамт байгаач. Нар хэдийнээ хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров. Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв. Тэдний нүд нээгдэж, Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд, тэр даруй босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад, тэдний —Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод, замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна