Лук 23:39-56
Лук 23:39-56 АБ2013
Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж —Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ. Энэ үед зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа. Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлссээр буцан явж байв. Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд мөн Түүнийг таньдаг бүх хүн энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо. Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм. Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. Тэр Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй ажээ. Энэ нь Амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.