Лук 22:24-38
Лук 22:24-38 АБ2013
Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. Тэр тэдэнд —Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг. Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө. Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно. Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд тэр Түүнд —Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв. Есүс —Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв. Тэгээд Тэр тэдэнд —Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд —Үгүй, юугаар ч дутаагүй гэв. Тэр тэдэнд —Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр дээлээ зарж илд худалдаж аваг. Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв. Тэгтэл тэд —Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр —Энэ чинь хангалттай гэв.