Лук 20:20-40
Лук 20:20-40 АБ2013
Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд — Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов. (Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн дээр ирж асуун —Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь үр хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. Ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхсэн. Хоёр дахь нь, гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхэдгүй үхжээ. Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. Иймд амилалд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс тэдэнд —Энэ үеийн хөвгүүд гэрлэдэг бас гэрлүүлдэг. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэхгүй. Тэд тэнгэрэлч нартай адил тул цаашид үхэх боломжгүй бөгөөд амиллын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. Хуулийн багш нарын зарим нь —Багш аа, Та сайхан хэллээ гэв. Тэд Түүнээс юуны ч тухай дахин асууж зүрхэлсэнгүй.