Лук 20:1-26
Лук 20:1-26 АБ2013
Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайнмэдээ дэлгэрүүлж байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар ахлагчдын хамт Түүн дээр ирж, Түүнд —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа бидэнд хэл. Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэсэнд Тэр хариуд нь —Би мөн та нараас нэг зүйл асууя. Надад хэл. Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэв. Тэд өөр хоорондоо хэлэлцэн —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан гэж үздэг тул биднийг чулуугаар шиднэ шүү дээ гээд, тэд —Хаанаас ирснийг нь мэдэхгүй гэв. Тэгэхэд нь Есүс —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ. Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав гэнэ. Ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тариаланчид уруу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав. Тэр өөр боолоо явуулсанд тэд бас л түүнийг зодож доромжлоод, хоосон буцаажээ. Тэр гурав дахийг нь явуулахад тэд боолыг нь зодож шархдуулаад хөөн явуулжээ. Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. Харин тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо эргэцүүлэн ярилцаад, тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ? Тэр ирж, тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд Есүс тэднийг хараад —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр няцарна гэж айлдав. Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв. Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд — Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов.