Лук 2:41-52
Лук 2:41-52 АБ2013
Эцэг эх нь жил бүр, Алгасалын баяраар Иерусалим явдаг байв. Түүнийг арван хоёр настай байхад нь баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав. Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй. Түүнийг жингийн цуваан дунд байгаа хэмээн тэд бодсоор аяныхаа нэг өдөр яваад төрөл садан, танилуудынхаа дунд Түүнийг хайтал эс олов. Есүсийг хайн Иерусалимд тэд буцаж ирэв. Гурван өдрийн дараа Түүнийг сүмд, багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ. Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа. Түүнийг хараад тэд ч гайхаж, эх нь Түүнд —Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Харагтун, эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд Тэр —Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь мэдсэнгүй гэж үү? гэв. Хэлсэн үгийг нь тэд эс ойлгов. Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв. Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.