Лук 2:21-32
Лук 2:21-32 АБ2013
Найман өдрийн дараа Түүнийг хозлоод Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэрэлч энэ нэрийг өгсөн ажээ. Цэвэрших өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав. Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм. Ингэхдээ Эзэний хуульд «Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ. Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр, Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад —Эзэнтэн, Та үгийнхээ дагуу Зарц намайгаа амар тайван явуултугай. Учир нь нүд минь Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ. Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ.