Лук 18:31-43
Лук 18:31-43 АБ2013
Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд —Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харийнхны гарт тушаагдахад, тэд Түүнийг доромжилж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдрөө Тэр амилан босох болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Үгс нь тэднээс нууцлагдсан байсан тул айлдсаныг нь тэд ойлгоогүй ажээ. Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. Тэгтэл мөнөөх сохор хүн —Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар —Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. Есүс зогсож, түүнийг Өөр дээр нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц Тэр түүнээс — Өөрийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэсэнд тэр —Эзэн, намайг дахин хардаг болгооч гэхэд Есүс түүнд —Чи дахиад хараатай бол. Итгэл чинь чамайг аварлаа гэв. Тэрээр тэр даруй дахин хараа орж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.