Лук 17:1-33

Лук 17:1-33 АБ2013

Тэр шавь нартаа —Бүдрүүлэх саадууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ! Энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил. Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам дээр долоон удаа эргэн ирж, “Би гэмшиж байна” гэвэл түүнийг уучил гэв. Элч нар Эзэнд —Итгэлийг маань нэмээч гэхэд Эзэн —Та нарт гичний үр төдийхөн итгэл байхад л, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно. Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юмуу малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь “Даруй орж, хооллохоор суу” гэж хэлэх үү? Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж ууна биз” гэж хэлэхгүй гэж үү? Тушаасныг нь гүйцэтгэсэнд боолоо тэр илүүгээр таалдаггүй биз дээ? Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд “Бид тусгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ. Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ. Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. Тэд дуугаа өндөрсгөн —Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв. Есүс тэднийг харуутаа, —Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр самари хүн байжээ. Есүс —Арван хүн эдгээлгэсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна? Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу? гээд, Тэр түүнд —Бос, замаараа яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв. Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа —Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй. Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу эсвэл “Хараач, энд байна” гэж хэлэхгүй. Харагтун, Бурханы хаанчлал нь та нарын дунд байна гэв. Тэр шавь нартаа —Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзэхийг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар үзэхгүй. Тэд та нарт “Хараач тэнд”, “Хараач энд” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ. Аянга тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах адил Хүний Хүү Өөрийн өдөртөө тийн байх болой. Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ. Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. Ноаг бүхээгт орох өдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж ууцгааж, худалдаж худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгөө авахаар доош бүү бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг. Лотын эхнэрийг санагтун. Хэн амиа хадгалахыг хичээнэ, тэр түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр түүнийгээ хадгална.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна