Лук 14:7-24

Лук 14:7-24 АБ2013

Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав. — Чамайг хэн нэг нь хуримын найрт уривал хойморт нь бүү залар. Эс тэгвээс чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байвал хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичиж, доош суух болно. Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв. Тэр Өөрийг нь урьсан хүнд —Үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Тэд хариуд нь чамайг урьж, шан хариу барина. Харин цайллага хийхдээ ядуу эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. Тэд чамд хариу барьж чадахгүй тул чи ерөөгдөх болно. Зөвт хүмүүсийн амилалд чамд хариу төлөгдөх болно гэв. Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд —Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд Тэр түүнд —Нэгэн хүн их зоог бэлдэж, олон хүн урьжээ. Тэгээд зоог барих цаг болоход уригдсан хүмүүст боолоо илгээн «Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү» гэж хэлүүлжээ. Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхнийх нь «Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай» гэжээ. Нөгөө нэг нь «Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя» гэхэд нөгөө нэг нь «Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй» гэжээ. Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо «Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!» гэв. Боол нь «Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна» гэхэд эзэн нь боолдоо «Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. Би та нарт хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний зоогноос амсахгүй» гэжээ гэв.

Лук 14:7-24 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв