Лук 14:1-35

Лук 14:1-35 АБ2013

Амралтын өдөр фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор Есүс иржээ. Тэд Түүнийг хянамгай ажиглаж байв. Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа. Есүс хуульч нар ба фарисайчуудаас —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү эсвэл үгүй юу? гэж асуужээ. Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав. Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг нь хүүгээ эсвэл үхрээ худагт ойчвол Амралтын өдөр байсан ч тэр даруйд нь татан гаргахгүй гэж үү? гэхэд тэд үүнд хариулж чадсангүй. Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав. — Чамайг хэн нэг нь хуримын найрт уривал хойморт нь бүү залар. Эс тэгвээс чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байвал хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичиж, доош суух болно. Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв. Тэр Өөрийг нь урьсан хүнд —Үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Тэд хариуд нь чамайг урьж, шан хариу барина. Харин цайллага хийхдээ ядуу эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. Тэд чамд хариу барьж чадахгүй тул чи ерөөгдөх болно. Зөвт хүмүүсийн амилалд чамд хариу төлөгдөх болно гэв. Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд —Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд Тэр түүнд —Нэгэн хүн их зоог бэлдэж, олон хүн урьжээ. Тэгээд зоог барих цаг болоход уригдсан хүмүүст боолоо илгээн «Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү» гэж хэлүүлжээ. Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхнийх нь «Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай» гэжээ. Нөгөө нэг нь «Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя» гэхэд нөгөө нэг нь «Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй» гэжээ. Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо «Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!» гэв. Боол нь «Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна» гэхэд эзэн нь боолдоо «Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. Би та нарт хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний зоогноос амсахгүй» гэжээ гэв. Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд — Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй. Загалмайгаа үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй. Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ? Эс тэгвээс, суурийг нь тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, “Энэ хүн барьж эхэлсэн ч дуусгаж чадсангүй” гэх болно. Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ? Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь энхийн хэлэлцээр гуйн элчээ тэр илгээнэ. Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй. Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Ийм давс хөрсөнд ч, бордоонд ч ашиглагдахгүй тул үүнийг хөсөр хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлджээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна