Лук 14:1-14
Лук 14:1-14 АБ2013
Амралтын өдөр фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор Есүс иржээ. Тэд Түүнийг хянамгай ажиглаж байв. Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа. Есүс хуульч нар ба фарисайчуудаас —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү эсвэл үгүй юу? гэж асуужээ. Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав. Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг нь хүүгээ эсвэл үхрээ худагт ойчвол Амралтын өдөр байсан ч тэр даруйд нь татан гаргахгүй гэж үү? гэхэд тэд үүнд хариулж чадсангүй. Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав. — Чамайг хэн нэг нь хуримын найрт уривал хойморт нь бүү залар. Эс тэгвээс чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байвал хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичиж, доош суух болно. Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв. Тэр Өөрийг нь урьсан хүнд —Үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Тэд хариуд нь чамайг урьж, шан хариу барина. Харин цайллага хийхдээ ядуу эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. Тэд чамд хариу барьж чадахгүй тул чи ерөөгдөх болно. Зөвт хүмүүсийн амилалд чамд хариу төлөгдөх болно гэв.