Лук 13:22-35
Лук 13:22-35 АБ2013
Тэр Иерусалим орох замдаа нэг хот тосгоноос нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа. Хэн нэгэн Түүнээс —Эзэн, цөөхөн хүн л аврагдах уу? гэж асуухад Тэр —Хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлэвч эс чадах нь олон ажээ. Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ түгжвэл, та нар гадна нь зогсоод, үүдийг нь тогшин “Эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ. Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ” гэх болно. Тэр “Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Ёс бусыг үйлдэгч та нар бүгд Надаас зайл” гэхэд нь Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгч байгааг мөн өөрсдийнхөө хөсөр хаягдсаныг та нар харах тэр цагт тэнд уйлаан шүд хавирах нь байх болно. Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурханы хаанчлалд ширээнд тухлах болно. Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав. Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд —Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв. Есүс тэдэнд —Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл. Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч, Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм. Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо! Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ” гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар Намайг харахгүй гэж айлджээ.