Лук 13:1-21
Лук 13:1-21 АБ2013
Тэр үед хэдэн хүн ирж, Пилат галилчуудын цусыг тахилуудтай нь хольсныг Түүнд өгүүлжээ. Есүс тэднээс —Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу? гээд, Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө. Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу? Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө гэв. Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэхэд нь цэцэрлэгч “Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё. Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, үгүй бол огтлоод л хаячихъя” гэв. Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа. Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ. Есүс түүнийг хараад, дуудаж —Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд түүн дээр мутраа тавихад даруй тэр цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв. Есүс Амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж —Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд Эзэн түүнд —Хоёр нүүртнүүд ээ, та нарын хэн чинь Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй вэ? Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв. Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин ард олон Түүгээр үйлдэгдэж буй гайхамшигт бүх зүйлсэд баярлацгааж байлаа. Тэгээд Тэр —Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ? Энэ нь гичний үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ суулгахад тэр ургаж мод болж тэнгэрийн шувууд мөчирт нь үүрлэжээ гэв. Тэр дахин айлдахдаа —Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ? Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй, түүнийг авч гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.