Лук 11:1-11
Лук 11:1-11 АБ2013
Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд —Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ. Тэр тэдэнд —Та нар залбирахдаа “Аав аа, Таны нэр ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Өдөр тутмын минь талхыг Өдөр бүр бидэнд өгөөч. Бидэнд өртэй бүхнээ Бид уучилдаг учир Бидний нүглийг мөн уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач” гэж хэл гэв. Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” гэхэд нь дотроос тэр “Битгий надад төвөг удаад бай. Үүдээ хэдийнээ түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй” гэжээ. Би та нарт хэлье. Хэрэв тэр анд нөхрөө гээд босож юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ загас гуйхад оронд нь могой өгдөг хүн та нарын дунд байна уу?