Лук 1:8-23
Лук 1:8-23 АБ2013
Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд ногдсон байна. Утлага уугиулах тэр цагт, цугларсан ард олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. Эзэний тэнгэрэлч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. Харин тэнгэрэлч түүнд —Захариа аа, бүү ай. Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. Чи баяр жаргалтай болж, түүнийг төрөхөд олуул баярлана. Эзэний өмнө тэр агуу болох бөгөөд дарс ч, сархад ч ер амсахгүй, эхийнхээ хэвлийд байхын л тэр Ариун Сүнсээр дүүрсэн байх болно. Тэр, Израилийн хөвгүүдээс олныг Эзэн Бурханд нь эргүүлэх болно. Бас тэрээр Түүний өмнө Елиагийн сүнс ба хүч дор явж эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүйчүүлийг зөвтийн мэргэн ухаанд эргүүлэн, Эзэний төлөө бэлтгэгдсэн ард олныг бэлэн болгох юм гэв. Захариа, тэнгэрэлчид —Би үүнийг юугаар мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд тэнгэрэлч хариуд нь түүнд —Би Бурханы өмнө зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайнмэдээг чамд тунхаглах мөн чамтай ярилцахаар илгээгдсэн юм. Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ. Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгожээ. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан бөгөөд тийнхүү хэлгүй хэвээр хоцорчээ. Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад тэр гэртээ харив.