Лук 1:57-80

Лук 1:57-80 АБ2013

Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийг хозлохоор ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь түүний эх —Үгүй, тэр Иохан гэж дуудуулна гэв. Тэд түүнд —Төрөл садан дотор чинь ийм нэртэй хэн ч байхгүй шүү дээ гээд, хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг эцгээс нь дохио зангаагаар асуусанд Захариа самбар гуйж дээр нь «Түүний нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ. Эргэн тойронд нь амьдрагсад бүгд айдаст автаж, Иудейн уулархаг нутаг даяар энэ бүхний тухай яриа болж байлаа. Үүнийг сонссон бүхэн зүрхэндээ хадгалж —Энэ хүүхэд тэгвэл яах бол? гэцгээж байв. Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа. Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн, —Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Учир нь Тэр бидэн дээр ирж, Ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн юм. Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов. Ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эртнээс нааш Айлдсанаараа Тэрээр үйлджээ. Энэ нь дайснуудаас маань болоод Биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд Өршөөлийг эцэг өвгөдөд минь үзүүлж, Өөрийн ариун гэрээг дурсахын тулд юм. Бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг нь тэр гэрээ юм. Бид дайснуудын гараас аврагдаж Айдас түгшүүргүйгээр Ариун ба зөвт байдалд Үүрд Түүний өмнө үйлчлэхийн тулд болой. Хөвүүн, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдах нь Чи замыг нь бэлдэхээр Эзэний өмнө явж, Нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг Ард түмэндээ өгөхийн тулд юм. Ийн Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв. Хүүхэд өсөж, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.

Лук 1:57-80 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна