Лук 1:26-55
Лук 1:26-55 АБ2013
Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. Орж ирээд тэнгэрэлч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлэв. Тэнгэрэлч, түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэнд Мариа тэнгэрэлчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай. Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо. Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. Мариагийн мэндийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлжээ. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран —Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ. Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ? Харагтун, мэндийн дуу чинь чихэнд минь сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ! хэмээв. Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа. Учир нь Тэрээр шивэгчнийхээ Дарууг олж харсан билээ. Харагтун, энэ цагаас хойш намайг Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө Агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ. Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж, Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг Тэр тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган Даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, Баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд Өршөөлөө бодож Тэр туслав. Бидний эцэг өвгөдөд Абрахамд болон үр удамд нь Өнө айлдсанчлан үйлдсэн билээ.