Лук 1:19-38

Лук 1:19-38 АБ2013

тэнгэрэлч хариуд нь түүнд —Би Бурханы өмнө зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайнмэдээг чамд тунхаглах мөн чамтай ярилцахаар илгээгдсэн юм. Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ. Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгожээ. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан бөгөөд тийнхүү хэлгүй хэвээр хоцорчээ. Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад тэр гэртээ харив. Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж — Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн намайг таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээж өгсөн нь энэ ажээ гэв. Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. Орж ирээд тэнгэрэлч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлэв. Тэнгэрэлч, түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэнд Мариа тэнгэрэлчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай. Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.

Лук 1:19-38 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв