Лук 1:1-39

Лук 1:1-39 АБ2013

Бидний дунд биелсэн үйл явдлуудын тухай хүүрнэлийг олон хүн эмхтгэхийг хичээсэн билээ. Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгч бологсдоос бидэнд уламжилсны адил би ч энэ бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм, эрхэм хүндэт Теофил минь! Таны заалгасан зүйлсийг бат үнэн гэдгийг үүгээр та мэдэх болно. Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр ч бас Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв. Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа. Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв. Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд ногдсон байна. Утлага уугиулах тэр цагт, цугларсан ард олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. Эзэний тэнгэрэлч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. Харин тэнгэрэлч түүнд —Захариа аа, бүү ай. Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. Чи баяр жаргалтай болж, түүнийг төрөхөд олуул баярлана. Эзэний өмнө тэр агуу болох бөгөөд дарс ч, сархад ч ер амсахгүй, эхийнхээ хэвлийд байхын л тэр Ариун Сүнсээр дүүрсэн байх болно. Тэр, Израилийн хөвгүүдээс олныг Эзэн Бурханд нь эргүүлэх болно. Бас тэрээр Түүний өмнө Елиагийн сүнс ба хүч дор явж эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүйчүүлийг зөвтийн мэргэн ухаанд эргүүлэн, Эзэний төлөө бэлтгэгдсэн ард олныг бэлэн болгох юм гэв. Захариа, тэнгэрэлчид —Би үүнийг юугаар мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд тэнгэрэлч хариуд нь түүнд —Би Бурханы өмнө зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайнмэдээг чамд тунхаглах мөн чамтай ярилцахаар илгээгдсэн юм. Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ. Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгожээ. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан бөгөөд тийнхүү хэлгүй хэвээр хоцорчээ. Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад тэр гэртээ харив. Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж — Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн намайг таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээж өгсөн нь энэ ажээ гэв. Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. Орж ирээд тэнгэрэлч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлэв. Тэнгэрэлч, түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэнд Мариа тэнгэрэлчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай. Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо. Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж

Лук 1:1-39 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв