Леви 4

4
Нүглийн тахил
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
2Израилийн хөвгүүдэд “ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлээс хүн аль нэгийг нь хийж, санамсаргүй нүгэл үйлдэх аваас, 3хэрэв тослогдсон тахилч ард түмнийг ялд унагаж нүгэл үйлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу, согоггүй бухыг нүглийн тахил болгон ЭЗЭНд өргөг. 4Тэрээр бухыг уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө авчраад, гараа бухын толгой дээр тавьж, үүнийг ЭЗЭНий өмнө нядлаг. 5Тослогдсон тахилч бухын цуснаас аваад, үүнийгээ уулзалтын майханд авчраг. 6Тахилч цусанд хуруугаа дүрэн ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө цуснаас долоон удаа цацах бөлгөө. 7Тахилч бас уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагат тахилын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж, уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу бухын бүх цусыг асгана. 8Нүглийн тахилд тэр үүнээс бухын бүх өөхийг нь буюу сэмж, бүх дотор өөхийг, 9хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт, 10эвийн тахилын үхрээс салгасан тэр ёсоор салгана. Тахилч эдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаах бөлгөө. 11Харин бухын арьс болон бүх махыг нь толгой, мөч, гэдэс дотор, сэвс буюу 12бухыг бүхэлд нь тэрээр хуарангийн гадаа үнс асгадаг цэвэр газарт аваачиж, модон дээр галдан шатааг. Үүнийг үнс асгадаг газарт шатааг.
13Хэрэв Израилийн даяар хотол түмэн санамсаргүй алдаж, уг хэрэг чуулганд анзаарагдахгүй өнгөрөх буюу ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд ялтай болох аваас 14тэдний үйлдсэн нүгэл мэдэгдэх үед чуулган нүглийн тахилд зориулан залуу бух өргөг. Үүнийг уулзалтын майхны өмнө авчрах бөлгөө. 15Хотол түмний ахмадууд ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр гараа тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлаг. 16Тэгээд тослогдсон тахилч бухын цуснаас уулзалтын майханд авчирна. 17Тахилч цусанд хуруугаа дүрэн ЭЗЭНий өмнө, хөшигний өмнө долоон удаа цацна. 18Тэрээр хэсэг цусыг уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр уулзалтын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана. 19Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган тахилын ширээн дээр шатаан уугиулна. 20Нүглийн тахилын буханд хийсэнчлэн уг буханд мөн тэгж хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдэнд эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно. 21Тэгээд тэр бухыг хуарангийн гадна аваачиж эхний бухыг шатаасантай адил шатаана. Энэ нь чуулганд зориулсан нүглийн тахил юм.
22Удирдагч нүгэл үйлдэж, ЭЗЭН Бурханы хийхийг хориглосон бүх зүйлээс санамсаргүй үйлдэн ялтай болох аваас 23хэрэв үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл, тэрээр согоггүй ухныг тахилдаа зориулан авчрах ёстой. 24Тэрээр ухнын толгой дээр гараа тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө үүнийг нядална. Энэ нь нүглийн тахил юм. 25Тэгээд нүглийн тахилын цуснаас тахилч хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад цусыг нь шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой. 26Бүх өөхийг нь тэрээр эвийн тахилуудын өөхний адил тахилын ширээн дээр шатааг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.
27ЭЗЭН тушаалаараа хориглосон зүйлсийн аль нэгийг жирийн хүмүүний нэг нь санамсаргүй хийснээрээ нүгэл үйлдэн ялтай болох аваас#Тоо 15:27–28 28хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл, тэрээр үйлдсэн нүглийнхээ тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой. 29Тэр хүн нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, уг нүглийн тахилыг шатаалт тахилын байранд нядална. 30Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад бүх цусыг нь тахилын ширээний суурь уруу асгах болой. 31Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно.
32Тэрээр хургыг өөрийн тахилын өргөл болгон нүглийн тахилд авчрах аваас согоггүй эм хурга авчрах ёстой. 33Тэр нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, үүнийг шатаалт тахил нядалдаг газарт нүглийн тахилд зориулан нядлах болно.
34Тахилч нүглийн тахилын цуснаас хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана. 35Тэгээд тэр бүх өөхийг нь эвийн тахилын хурганы өөхийг салгасантай адил салгах бөгөөд тахилч эдгээрийг тахилын ширээн дээр, галан тахилууд дээр ЭЗЭНд шатаан уугиулна. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж тэрээр уучлагдах болно.

Одоогоор Сонгогдсон:

Леви 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна