Леви 25:8-50

Леви 25:8-50 АБ2013

Та нар долоон Амралтын жилийг (долоог долоогоор үржүүлэн) тоол. Долоон Амралтын жилийн хугацаа нь дөчин есөн жил болно. Тэгээд эвэр бүрээг долоо дахь сарын аравны өдөр дуугаргаж, эвлэрүүлгийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун. Та нар тавь дахь жилийг ариусгаж, нутаг даяар бүх оршин суугчдад нь эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэлт болох бөгөөд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж, хүн нэгбүр чинь ураг уруугаа эргэж явагтун. Тавь дахь жил та нарт эвэр бүрээдэлт болой. Та нар бүү тариал, зөнгөөрөө ургасныг нь ч бүү хураа, танагдаагүй усан үзмийн модноос ч жимс бүү цуглуул. Энэ нь эвэр бүрээдэлт бөгөөд та нарт ариун болой. Талбайгаас гарах үр жимсийг идэгтүн. Эвэр бүрээдэлтийн энэ жилд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж яв. Хэрэв чи хөршдөө юм худалдах юмуу хөршийнхөө гараас юм худалдан авбал та нар бие биенээ бүү мөлж. Эвэр бүрээдэлтээс хойших жилүүдийн тоогоор чи андаасаа худалдан авах бөгөөд ургацын жилүүдийн тоогоор тэр чамд худалдах ёстой. Олон жил үлдвэл та нар үнийг нь өсгөж, цөөн жил үлдвэл үнийг нь багасгах ёстой. Учир нь тэр чамд ургацын тоогоор үүнийг зарж байгаа юм. Та нар бие биенээ дарлалгүй, харин Бурханаасаа эмээгтүн. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. Нутагтаа аюулгүй амьдрахын тулд та нар Миний зарлигуудыг мөрдөж, Миний шийдвэрүүдийг сахин эдгээрийг биелүүлэгтүн. Тэгвэл газар үр шимээ гаргах бөгөөд та нар цадтал идэж, түүн дээр аюулгүй амьдарна. Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй эсвэл ургацаа хураахгүй бол долоо дахь жилд юу идэх вэ?» гэж асуувал зургаа дахь жилд Би та нарт ивээлээ үзүүлж, энэ нь гурван жилийн ургацыг гаргах юм. Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч ес дэх жил хүртэл хуучин ургацаас идсээр байх бөгөөд ургац дахин боловсрох хүртэл та нар хуучныг идсээр байх юм. Газар Минийх бөгөөд та нар Миний хувьд ирмэл хүмүүс түр суугчид учир газрыг бүрмөсөн зарах ёсгүй. Та нар эзэмших газар бүрийнхээ хувьд газрын золилтыг олгох ёстой. Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас хамгийн ойрын хамаатан нь золихоор ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай. Хэрэв тэр хүнд зольж өгөх ойрын хамаатан байхгүй боловч тэр өөрөө газрын золилтод хүрэлцэх хөрөнгөө өөрийн гараар олж авах аваас газрыг зарагдсанаас хойших жилүүдийг тооцоолж, мөнөөх авсан хүндээ зөрүүг нь буцаан төлж, өөрийн эзэмшил газартаа эргэж ирэг. Харин газраа өөртөө буцааж авахад хүрэлцэх хэмжээг тэр олж чадаагүй аваас түүний зарсан зүйл эвэр бүрээдэлтийн жилийг хүртэл худалдан авагчийнх нь гарт үлдэг. Харин эвэр бүрээдэлтээр энэ нь хуучин эзэндээ буцаж, тэрээр эзэмшил газартаа эргэн ирэг. Хэрэв аливаа хүн хэрэмтэй хот доторх орон сууцаа зарах аваас зарснаасаа хойших бүтэн жилийн туршид үүнийгээ золих боломжтой. Бүтэн жилийн дотор үүнийг зольж болно. Хэрэв бүтэн жилийн хугацаанд үүнийг золихгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц худалдан авагч хүнд болон хамаг үеийнхэнд нь мөнхөд үлдэх бөгөөд эвэр бүрээдэлтээр ч түүнээс буцаан авагдахгүй. Гэсэн ч тойрсон хэрэмгүй тосгодын орон сууцнуудыг хөдөөгийн талбайтай адил тооцон зольж болох бөгөөд эвэр бүрээдэлтээр эдгээр нь буцаан авагдах юм. Харин левийнхний хотуудыг болон эзэмшил хот доторх орон сууцуудыг левичүүд ямар ч үед зольж болно. Левийнхнээс авсан зүйл буюу тэдний эзэмшлийн хотод зарагдсан орон сууц эвэр бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих болой. Учир нь левийнхний хотуудын орон сууцнууд Израилийн хөвгүүдийн дундах тэдний эзэмшил билээ. Харин тэдний хотыг тойрсон бэлчээрүүд тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй. Хэрэв ах дүү чинь ядуурч, та нарын хажууд өөрийгөө тэтгэх боломжгүй болох аваас та нар түүнийг ирмэл хүн буюу түр суугчийн адил тэтгэн өөрсөдтэйгөө хамт амьдруул. Түүнээс хүү эсвэл ашгийг бүү ав. Харин Бурханаасаа эмээ. Ах дүү чинь та нартай амьдраг. Чи түүнд хүүтэй мөнгө зээлүүлж эсвэл ашиг олохын тулд түүнд хүнс өгч болохгүй. Та нарт Канаан нутгийг өгөхөөр мөн Бурхан чинь байхын тулд Египет нутгаас та нарыг гарган авчирсан нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. Хэрэв та нарын дундах ах дүү чинь ядуурснаас болж өөрийгөө чамд худалдах аваас түүнд боолын үйлчлэлийг бүү тох. Эвэр бүрээдэлтийн жилийг хүртэл тэр чамтай хамт хөлсний хүн юмуу түр суугч адил байж чамд үйлчлэх ёстой. Тэгээд тэр болон түүний хөвгүүд чамаас салан урагтаа буцаж, эцэг өвгөдийнхөө өмчийг эзэмшиг. Учир нь тэд Египет нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Боолыг худалддаг шиг тэд худалдагдах ёсгүй. Түүнийг хатуу ширүүнээр бүү захир, харин Бурханаасаа эмээ. Та нарын эргэн тойрны үндэстнүүдээс чиний авах зарц хийгээд шивэгчний хувьд чи тэднээс зарц болон шивэгчин худалдан авч болно. Түүнчлэн та нарын дунд суугаа түр суугчдын хөвгүүдээс юмуу та нартай хамт байгаа, нутаг дээр чинь өсөн үржих тэдний ургуудаас хүн худалдаж авч болно. Тэд та нарын эзэмшил болж болно. Өөрсдийн чинь дараа гарах хөвгүүдэд тэднийг эзэмшил болгон өвлүүлэхээр та нар гэрээслэн өгч болно. Тэд та нарт үеийн үед үйлчлэх болно. Харин ах дүү чинь болох Израилийн хөвгүүдийн тухайд, та нар бие биенээ хатуу ширүүнээр захирах ёсгүй. Хэрэв та нартай хамт байгаа ирмэл хүн буюу түр суугчийн хөрөнгө хангалттай болж, түүний хажууд ах дүү чинь ядуурч, та нартай байгаа ирмэл хүн буюу түр суугч тэр хүнд эсвэл ирмэл урагт өөрийгөө зарвал, тэрээр худалдагдсаныхаа дараа золигдож болно. Ах дүү нарынх нь нэг нь түүнийг золих эсвэл түүний авга эсвэл түүний авгын хүү түүнийг золих эсвэл ургаас нь ойрын төрлийнх нь нэг хүн түүнийг золих болой. Эсвэл тэр өөрөө хөрөнгөжих аваас өөрийгөө золих болой. Өөрийг нь худалдан авагчтай тэрээр өөрийгөө түүнд худалдсан тэр жилээс эвэр бүрээдэлтийн жилийг хүртэл тооцоо хийх ёстой. Түүний худалдагдсан үнэ жилүүдийн тоог харгалзсан байх бөгөөд хөлсний хүний өдрүүдтэй адил байх ёстой.

Леви 25:8-50 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна