Леви 20

20
Ариуныг зөрчсөний шийтгэл
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
2Чи Израилийн хөвгүүдэд “Израилийн хөвгүүдээс эсвэл Израильд түр сууж буй аливаа ирмэл хүн үр удмаасаа Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна. 3Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. 4Хэрэв үр удмаасаа Молехт өгөхөд нь нутгийн ард олон нь түүнийг үхүүлэлгүй, энэ хүний хажуугаар нүдээ аниад аниад гарвал 5Би Өөрөө тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг нүүрээ хандуулах бөгөөд түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.
6Сүнс дуудагчид, мэргэ төлгөчидтэй садарлахаар тэдэн уруу эргэсэн хүний хувьд, Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно. 7Та нар өөрсдийгөө ариусган зориулж, ариун бай. Учир нь ЭЗЭН Би та нарын Бурхан. 8Та нар Миний зарлигуудыг сахин хийгтүн. Та нарыг ариусгах ЭЗЭН бол Би. 9Эцгээ эсвэл эхээ хараах хүн байх аваас тэр гарцаагүй алуулаг. Тэрээр эцэг, эхээ хараасан бөгөөд өөрийн цусыг өөрөө хариуцна.#Гэт 21:17; Мт 15:4; Мк 7:10
10Өөр хүний эхнэртэй завхайрсан хүн мөн хөршийнхөө эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулаг.#Гэт 20:14; Лев 18:20; Дх 5:18 11Эцгийнхээ эхнэртэй унтсан хүн эцгийнхээ нүцгэн биеийг гаргасантай адил тул тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой бөгөөд өөрсдийнхөө цусыг тэд өөрсдөө хариуцна.#Лев 18:8; Дх 22:30, 27:20 12Хэрэв бэртэйгээ унтсан хүн байх аваас тэд хоёулаа гарцаагүй алуулаг. Тэд гаж явдалтнууд бөгөөд өөрсдийнхөө цусыг тэд өөрсдөө хариуцна.#Лев 18:15 13Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагтай адилаар эр хүйстэнтэй унтсан байх аваас тэд хоёулаа жигшүүрт зүйл үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулаг. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.#Лев 18:22 14Хэрэв эмэгтэй болон түүний эхтэй хоёулантай нь гэрлэсэн хүн байх аваас энэ нь булай явдал бөгөөд та нарын дунд ямар ч булай юм байлгахгүйн тулд тэр хүнийг мөн тэднийг галд шатаах ёстой.#Лев 18:17; Дх 27:23 15Хэрэв амьтантай явалддаг хүн байх аваас түүнийг гарцаагүй алагтун. Тэр амьтныг ч мөн алагтун.#Гэт 22:19; Лев 18:23; Дх 27:21 16Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд ойртон очдог эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон амьтныг нь алагтун. Тэд гарцаагүй алуулах бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.
17Хэрэв хүн эцгийнхээ эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, түүний нүцгэн биеийг харж мөн тэр эмэгтэй ч түүний нүцгэн биеийг харах аваас энэ нь ичгүүрт зүйл бөгөөд тэд ард түмнийхээ хөвгүүдийн нүдний өмнөөс таслагдаг. Тэрээр эгч дүүгийнхээ нүцгэн биеийг гаргасан бөгөөд хилэнцээ өөрөө хариуцна.#Лев 18:9; Дх 27:22 18Хэрэв зовууртай эмэгтэйтэй унтан нүцгэн биеийг нь гаргасан хүн байх аваас тэрээр эмэгтэйн шүүрдсийг гаргасан бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны шүүрдсийг ил гаргасан тул тэд хоёулаа ард олныхоо дундаас таслагдаг.#Лев 18:19 19Та нар нагац эгч эсвэл авга эгчийнхээ нүцгэн биеийг гаргах ёсгүй. Ийм нэгэн нь цусан төрөлөө нүцгэлдэг бөгөөд тэд хилэнцээ өөрөө хариуцна.#Лев 18:12–14 20Хэрэв авгынхаа эхнэртэй унтаж, авгынхаа нүцгэн биеийг гаргавал тэд гэм нүглээ үүрч үр хүүхэдгүй үхэцгээнэ. 21Хэрэв ах дүүгийнхээ эхнэрийг авсан хүн байх аваас энэ нь жигшүүрт бузар зүйл бөгөөд тэр хүн ах дүүгийнхээ нүцгэн биеийг гаргасантай адил юм. Тэд үр хүүхэдгүй байх болно.#Лев 18:16
22Миний та нарыг амьдруулахаар аваачиж буй нутаг нь та нарыг бөөлжин гаргахгүйн тулд та нар Миний бүх зарлиг, бүх шийдвэрийг сахин үйлдэгтүн. 23Та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар бүү дага. Учир нь энэ бүх зүйлийг хийснээс нь болж Би тэдэнд зэвүүцсэн юм. 24Харин Би «Та нар сүү балаар бялхсан тэдний нутгийг эзэмших бөгөөд Би Өөрөө та нарт эзэмшүүлэхээр тэр нутгийг өгөх болно» гэж та нарт айлдсан. Та нарыг үндэстнүүдээс тусгаарласан та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. 25Та нар цэвэр болон бузар амьтныг, бузар болон цэвэр шувууг ялгаж салгагтун. Миний бузар хэмээн салгасан амьтнаар эсвэл шувуугаар эсвэл газраар мөлхөгч аливаа бүхнээр та нар өөрсдийгөө жигшил бүү болго. 26ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун.
27Сүнс дуудагч болон мэргэ төлгөч эр, эм хүн гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулуудах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэж хэлэгтүн гэв.

Одоогоор Сонгогдсон:

Леви 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Леви 20-д зориулсан видео