Леви 16
16
Эвлэрүүлгийн өдөр
1ЭЗЭНий өмнө дөхөж очоод үхсэн Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН, Мосетэй ярив. 2ЭЗЭН, Мосед айлдахдаа
—Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.#Евр 6:19 3Аарон нүглийн тахилд зориулсан нэг залуу бух мөн шатаалт тахилд зориулсан нэг хуцтай ариун газарт орох ёстой.#Евр 9:7 4Тэрээр маалинган ариун тэрлэг өмсөх ёстой. Түүний биенд маалинган дотуур хувцас байж, тэрээр маалинган бүс бүсэлж, толгойн маалинган ороолт ороог. Эдгээр нь ариун хувцас учир тэрээр бие махбодоо усанд булхаж эдгээрийг өмсөг. 5Тэрээр Израилийн хөвгүүдийн хотол түмнээс ямаан сүргийн хоёр ухныг нүглийн тахилд, нэг хуцыг шатаалт тахилд аваг.
6Аарон өөрийнхөө төлөө нүглийн тахил бухаа өргөж, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийнэ. 7Тэрээр хоёр ухна авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд тавиг. 8Аарон хоёр ухнад шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө шавга нь Азазелд#16:8, 20 Азазел: Нүглийг үүрэгч ухна буюу золигт гарагч. ногдох болой. 9ЭЗЭНд ногдох шавга таарсан ухныг Аарон авчран нүглийн тахил болгон тахиг. 10Харин Азазелд ногдох шавга таарсан ухнаар эвлэрүүлэл хийхийн тулд ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирах бөгөөд үүнийг зэлүүд тал уруу Азазелд явуулах юм.
11Аарон өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг авчирч, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийг. Тэр өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг нядална. 12Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна. 13Тэрээр ЭЗЭНий өмнө уг утлагат тахилыг гал дээр хийж, утлагат тахилын утаа гэрчлэлийн дээрх эвлэрүүлгийн тагийг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ. 14Тэрээр бухын цуснаас авч, хуруугаараа эвлэрүүлгийн тагны зүүн тал уруу цацаж бас эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цусыг хуруугаараа долоон удаа сүрчиг.
15Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүлгийн таган дээр мөн эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цацаг.#Евр 9:12 16Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, бүх нүглийнх нь доторх тэдний гэмт үйлдлийн улмаас тэрээр ариун газарт зориулан эвлэрүүллийг хийг. Түүнчлэн тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших уулзалтын майханд зориулан адил зүйл хийнэ. 17Ариун газарт зориулан эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед буюу түүнийг өөртөө, гэрийнхэндээ болон Израилийн бүхэл чуулганд зориулан эвлэрүүллийг хийгээд гарч ирэх хүртэл хэн ч уулзалтын майханд байх ёсгүй. 18Тэгээд тэр ЭЗЭНий өмнө буй тахилын ширээ өөд гарч, түүнд зориулан эвлэрүүллийг хийхдээ бух болон ухнын цуснаас авч, тахилын ширээний эврүүд дээр тойруулан нялаг. 19Тэрээр хуруугаараа түүн дээгүүр цусыг долоон удаа сүрчин түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгаг.
20Ариун газар, уулзалтын майхан, тахилын ширээ зэрэгт зориулан эвлэрүүллийг хийж дуусаад, Аарон амьд ухныг авчраг. 21Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулаг. 22Бүх хилэнцийг эзгүй газар уруу ухна өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг зэлүүд талд суллаж тавих ёстой.
23Аарон уулзалтын майханд ирж, ариун газарт орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхиг.#Езк 44:19 24Тэрээр ариун газарт бие махбодоо усанд булхаад хувцсаа өмсөж, гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг тахиж, өөртөө болон ард түмэнд эвлэрүүллийг хийг. 25Нүглийн тахилын өөхийг тэрээр тахилын ширээн дээр шатааг. 26Ухныг Азазелд зориулан суллаж тавьсан нэгэн нь хувцсаа угааж, усанд бие махбодоо булхаад, үүний дараа хуаранд ирэх ёстой. 27Харин ариун газарт эвлэрүүлэл хийхээр цусыг нь оруулсан нүглийн тахил бух болон нүглийн тахил ухна зэргийг хуарангийн гадна гаргаж, арьс, мах, сэвсийг нь галд шатааг.#Евр 13:11 28Эдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад, үүний дараа хуаранд ирж болно.
29Энэ нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр уугуул та нар ч, дунд чинь суугаа ирмэл хүн ч сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хийг.#Лев 23:26–32; Тоо 29:7–11 30Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарт энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө бүх нүглээсээ цэвэрших болно. 31Энэ нь та нарын хувьд бүрэн Амралтын өдөр бөгөөд та нар сэтгэлээ номхтго. Энэ нь улиран үргэлжлэх зарлиг юм. 32Эцгийнхээ байранд тахилчийн албанд үйлчлэхээр тослогдсон, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийх ёстой. Тэрээр маалинган хувцас буюу ариун хувцсыг өмсөөд, 33ариун газарт зориулан эвлэрүүлэл хийж, уулзалтын майхан болон тахилын ширээнд зориулан эвлэрүүлэл хийж мөн тахилчид бүх чуулганы ард олонд эвлэрүүлэл хийх юм. 34Жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн эвлэрүүллийг хийх нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой гэв. ЭЗЭНий өөрт нь тушаасан яг тэр ёсоор Мосе#16:34 эсвэл Аарон хийв.
Одоогоор Сонгогдсон:
Леви 16: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.