Леви 15
15
Элдэв шүүрдэс
1ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа
— 2Израилийн хөвгүүдтэй ярин “Аливаа хүний бие махбодоос шүүрдэс гарвал тэрээр шүүрдсийнхээ улмаас бузар болой. 3Түүний шүүрдэс ингэж бузарлана. Бие махбодоос нь шүүрдэс шүүрч байгаа эсвэл шүүрдсээ саатуулсан ч бай энэ нь түүнд бузар юм. 4Шүүрдэстэй хүний хэвтсэн аливаа ор бузар бөгөөд дээр нь суусан юм бүхэн бузар болой. 5Түүний оронд хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 6Шүүрдэстэй хүний сууж байсан зүйл дээр суусан хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах ба үдэш болтол бузар байна. 7Шүүрдэстэй хүний бие махбодод хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 8Хэрэв шүүрдэстэй хүн цэвэр байгаа нэгэн өөд нулимах аваас тэр хүн нь хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 9Шүүрдэстэй хүний тохож явсан аливаа эмээл бузар болой. 10Мөн түүний доор байсан аливаа зүйлд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. Эдгээрийг зөөж явсан хүн хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 11Шүүрдэстэй нэгэн гараа усанд зайлалгүйгээр хэн нэгэнд хүрсэн бол тэр хүн нь хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 12Шүүрдэстэй хүний хүрсэн шавар савыг хагалж харин аливаа модон савыг усаар зайлах ёстой.
13Шүүрдэстэй хүн шүүрдсээсээ эдгэрч цэвэршихдээ, өөрийн цэвэршилд зориулан долоо хоногийг тоолоод хувцсаа угааж, урсгал усанд бие махбодоо булхаж цэвэр болох ёстой. 14Тэгээд найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэн дээр очин эдгээрийг тахилчид өгнө. 15Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан эдгээрийг өргөж, шүүрдсийнх нь улмаас ЭЗЭНий өмнө түүнд эвлэрүүллийг хийх ажгуу.
16Хэрэв эр хүнээс үрийн шингэн гарах аваас тэрээр бүх бие махбодоо усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 17Дээр нь үрийн шингэн тогтсон аливаа хувцас эсвэл аливаа арьсыг усаар угаах бөгөөд тэр нь үдэш болтол бузар байна. 18Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтаж, үрийн шингэн гаргах аваас тэд хоёул усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна.
19Хэрэв эмэгтэй хүн цусан шүүрдэстэй байж, тэр нь түүний бие махбодын ердийн шүүрдэс байх аваас тэрээр сарын тэмдгийн бузарталдаа долоо хоногийн турш байх бөгөөд түүнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 20Мөн сарын тэмдгийнхээ үед түүний хэвтсэн аливаа зүйл бузар бөгөөд дээр нь суусан аливаа зүйл бузар болой. 21Оронд нь хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 22Түүний суусан аливаа зүйлд хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 23Түүний ор ч бай, дээр нь сууж байсан зүйл ч бай, түүнд нь хүрсэн хүн үдэш болтол бузар байна. 24Хэрэв эр хүн уг эмэгтэйтэй унтаж хэвтээд, эмэгтэйн бузар нь түүн дээр хүрэх аваас тэр эрэгтэй долоо хоногийн турш бузартсан байх бөгөөд эрэгтэйн хэвтсэн аливаа ор бузар болох ажгуу.
25Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгээс өөр үед олон хоног цусан шүүрдэстэй байх эсвэл тийм үеэс цааш үргэлжлэн шүүрдэстэй хэвээр байх аваас шүүрлийнхээ бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт байх болой. Тэрээр бузар байна. 26Шүүрдсийнхээ бүх өдрүүдэд түүний хэвтсэн аливаа ор нь сарын тэмдгийн бузартлынх нь үеийн орны адил болох болой. Түүний дээр нь суусан аливаа зүйл тэр үеийнх нь бузрынхтай нь адил бузар болой. 27Тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 28Тэр эмэгтэй шүүрдсээсээ эдгэрч цэвэршихдээ долоо хоногийг тоолоод, үүний дараа цэвэр болно. 29Найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, эдгээрийг уулзалтын майхны үүдэнд тахилчид авчирна. 30Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан тахина. Ийнхүү бузар шүүрдсийнх нь улмаас тахилч ЭЗЭНий өмнө тэр эмэгтэйд эвлэрүүллийг хийнэ.
31Израилийн хөвгүүд өөрсдийнх нь дунд байгаа Миний асрыг бузарласнаар бузар дотроо үхэхгүйн тулд та нар тэднийг бузраас нь сэрэмжлүүлэгтүн” гэв.
32Энэ нь шүүрдэстэй нэгний тухай мөн үрийн шингэн гаргаж түүгээр бузартсан хүний тухай хууль бөгөөд 33түүнчлэн сарын тэмдгийн бузартлын улмаас зовууртай болсон эмэгтэй мөн эр ч бай, эм ч бай шүүрдэстэй нэгэн эсвэл бузартсан эмэгтэйтэй унтсан эрэгтэйн тухай хууль юм.
Одоогоор Сонгогдсон:
Леви 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.