Гашуудал 1
1
Эзгүйрсэн хот
1Дүүрэн хүнтэй байсан энэ хот
Юутай ганцаардан сууна вэ!
Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр
Бэлэвсэн эм мэт болжээ!
Мужуудын дунд гүнж байсан тэрээр
Албадлагын ажилчин болжээ!
2Хацар дээрээ нулимстай
Гашуудан уйлна, шөнө дөлөөр
Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн
Ганц алга даа, түүнд
Хамаг олон найз нь урвацгаажээ.
Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.
3Зовлон зүдүүр, хэрцгий боолчлол дор
Иуда цөллөгт одов.
Зон үндэстний дунд суугаад
амралт эс олов.
Зовол хавчил дунд түүнийг,
мөшгөгсөд нь гүйцэж барив.
4Тогтоосон баяруудад хэн ч ирдэггүй учир
Сионы замууд халаглана.
Гулдан хаалга бүр нь эзгүйрэв.
Тахилч нар нь санаа алдаж,
Онгон охид нь энэлж, тэр хот гашуудав.
5Өстнүүд нь захирагч болж,
Дайснууд нь дэвжив.
Гэмт үйлдэл нь тоо томшгүй болсон тул
ЭЗЭН түүнийг энэлгэжээ.
Хүүхдүүд нь өстнийхөө өмнө
Олзныхон болж, туугдан оджээ.
6Сионы охиноос сүр жавхлан нь салан оджээ.
Хан хөвгүүд нь бэлчээрээ олоогүй
буга мэт тамирдан
Мөшгөгчийн өмнө туугдан зугтав.
7Урьдын өдрүүдэд байсан бүх үнэт зүйлээ
Зовлон зүдүүр ба тэнүүчлэлийн өдрүүдэд
Иерусалим дурсан санагалзана.
Ард түмэн өстний гарт унахад
Хэн ч түүнд тусалсангүй.
Өстнүүд хотыг харж,
Эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.
8Иерусалим үлэмж гэм нүгэл үйлдсэнээс
Элэглэл болов.
Хүндэтгэж байсан бүхэн
Нүцгэнийг нь хараад түүнийг жигшдэг болов.
Тэр өөрөө ч хүртэл санаа алдаж, цаашаа эргэв.
9Бузар нь хормойдоо наалдаж,
Эцсээ тэр эс эргэцүүлсэн тул
Гайхалтайгаар унажээ.
Тайтгаруулагч ч үгүй ажээ.
“Дайсан өөрийгөө дөвийлгөв,
Зовлон зүдүүрийг минь хараач, ЭЗЭН!”
10Үнэт бүгд уруу нь өстөн гараа сунгав.
Цуглаанд чинь орох ёсгүй гэж Таны тушаасан
Тэр үндэстнүүд ариун газарт нь нэвтрэхийг бас үзэв.
11Хотын бүх хүн талх хайн санаа алдана.
Амь голоо зогоохоор тэд
Үнэт зүйлсээ хүртэл хүнснээс өгчээ.
“Хараач, ЭЗЭН!
Ямар ч үнэгүй болсныг минь хараач.”
12Замаар өнгөрөгч та бүгдэд
Энэ юу ч биш гэж үү?
Дүрэлзэх хилэнгийнхээ өдөр
ЭЗЭН надад учруулж энэлгэсэн
Тэр шаналал шиг шаналал байна уу?
Хараач, үзээч.
13Тэрээр өндрөөс гал илгээв
Тэр нь ясанд минь оров.
Хөлд минь Тэрээр тор хаяв,
Намайг гэдрэг нь харуулав.
Тэрээр намайг ганцаардуулав
Бүхий л өдөр зовуурлуулав.
14Гэмт үйлдэл минь над дээр
Буулга болон буув.
Түүний мутар холбоос
Уяаг нь бэхэлжээ
Сэрвээ хүзүүгээ даруулсан тул
Тэнхээ хүч минь бас доройтов.
Сөрж үл чадах гарт
Эзэн намайг өгөв.
15Бидний дундах хүчтэнүүдийг
ЭЗЭН үл хэрэгсэв,
Залуусыг минь хүртэл
няц дарахаар товлон
Миний эсрэг дуудав.
Иудагийн онгон охиныг
Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.
16Ийн учир уйлж, усан нүдэлнэ, би.
Амь голыг минь сэргээн тайтгаруулагч
Алсад байна, надаас
Дайсан ноёрхож, хүүхдүүд минь эзгүйрэв.
17Сион гараа сунгавч
Тайтгаруулах хэн ч алга.
Иаковын эсрэг ЭЗЭНий тушааснаар
Эргэн тойрныхон нь өстнүүд болов
Иерусалим тэдний дунд буртаг болжээ.
18“ЭЗЭН зөвт.
Учир нь би тушаалынх нь эсрэг тэрсэлжээ.
Хүмүүс ээ, та бүгд сонсоцгоо,
Өвдөлтийг минь харцгаа.
Онгон охид ба залуус минь
Олзлогдон одсон билээ.
19Би амрагуудаа дуудав.
Тэд намайг мэхлэв.
Тахилчид ба ахмадууд минь
Амь голоо зогоох хоол хүнс хайсаар
хот дотор мөхөв.
20Хараач, ЭЗЭН, миний яаж шаналж буйг.
Гэдэс дотор минь улайдав.
Үлэмж тэрсэлснээсээ болж
Зүрх минь дотроо хөмрөв.
Гадаа илдний хядуур мэт
Гэр үхлийн газар мэт болжээ.
21Гаслахыг минь тэд сонссон ч
Тайтгаруулах хүн үгүй.
Гай гамшгийг минь сонссон дайснууд маань,
Ийн үйлдсэнд тань баярлаж байх авч
Надтай адил болох өдрийг нь
Тунхагласан ёсоороо Та авчраасай.
22Бүх хорон муу нь Таны өмнө ирэг.
Бүх гэмт үйлдлийн минь улмаас надад хандсан шигээ
Та тэдэнд ч мөн тэгж хандаач.
Гаслал минь олширсоор,
Зүрх минь сульдсаар байна.”
Одоогоор Сонгогдсон:
Гашуудал 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.