Иошуа 7:1-9

Иошуа 7:1-9 АБ2013

Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв. Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи уруу эрчүүдийг илгээн, тэдэнд —Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав. Тэд Иошуа уруу буцаж ирээд —Бүх ард олныг бүү явуул. Харин хоёр юмуу гурван мянга орчим хүн явуулан Аи хотыг цохиул. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв. Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав. Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг гулдан хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг хороов. Тиймээс ард олны зүрх үхэж, шалдаа буув. Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв. Иошуа —А-яа, БУРХАН Эзэн, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы нөгөө талдаа суурьшин нутаглаж байсан ч болоосой! Эзэн минь, Израиль өстөн дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ? Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.

Video for Иошуа 7:1-9