Иошуа 6:1-16

Иошуа 6:1-16 АБ2013

Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч гарч, орохгүй байв. ЭЗЭН, Иошуад —Харагтун, Би Иерихог хаантай нь, эрэлхэг хүчит эрстэй нь хамт чиний гарт өгсөн. Та нар хотыг тойр. Тэгэхдээ бүх дайчин эрс хотыг нэг удаа тойрогтун. Үүнийг зургаан хоног хий. Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ. Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг өргө. Хуцын эврэн долоон бүрээг долоон тахилчид бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв. Тэгээд тэр ард олонд —Явж, хотыг тойрон алхагтун. ЭЗЭНий авдрын өмнө зэвсэглэсэн эрчүүдийг явуул гэж тушаав. Иошуаг ард түмэнд хандан үгээ хэлсний дараа ЭЗЭНий өмнө хуцын эврэн бүрээ долоог барьсан долоон тахилч урагшлан бүрээгээ хүнгэнүүлэн үлээв. ЭЗЭНий гэрээний авдар тэднийг дагалаа. Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг бүрээгээ хүнгэнүүлэн байх үед арын хамгаалагчид авдрын ард явлаа. Харин Иошуа хүмүүст тушаан —Намайг “Уухайлан хашхир” гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин намайг хэлэх үед уухайлан хашхирагтун гэж хэлэв. Ингээд ЭЗЭНий авдар хотыг нэг удаа тойров. Тэгээд тэд хуарандаа эргэн ирж, тэндээ шөнийг өнгөрөөв. Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав. ЭЗЭНий авдрын өмнө хуцын эврэн бүрээ долоог авч яваа долоон тахилч урагшлан, явуут дундаа бүрээгээ хүнгэнүүлэн үлээсээр байлаа. Тэднийг бүрээгээ үлээсээр байх үед зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав. Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирлээ. Тэд зургаан өдөр ийнхүү үйлдэв. Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх маягаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд —Уухайлан хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн.