Иошуа 24:1-8

Иошуа 24:1-8 АБ2013

Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов. Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал: Абрахам Нахор нарын эцэг Тера, Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөн үйлчилж байв. Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг тэр л мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн. Исаакт Би Иаковыг бас Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ. Мосе Аарон хоёрыг Би илгээж, египетчүүдийн дунд олон зүйлийг Би Өөрөө хийж Египетэд гамшиг тохоосон. Үүний дараа тэндээс та нарыг Би гаргасан. Танай өвөг дээдсийг Би Египетээс гаргаж та нар тэнгис уруу ирсэн бөгөөд египетчүүд хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл мөшгөн хөөсөн. Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан. Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтээд суурьшсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан.

Video for Иошуа 24:1-8