Иошуа 23:1-14

Иошуа 23:1-14 АБ2013

Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв. Иошуа бүх Израилийг, тэдний ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд —Би хөгширч нас өндөр болов. Мөн та нарын төлөө энэ бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНийхээ хийсэн бүхнийг та нар харсан. Учир нь та нарын төлөө дайтсан нь Бурхан ЭЗЭН юм. Харагтун, Иорданаас цаашлаад Их тэнгис хүртэл, наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстний хамт үлдсэн энэ бүх үндэстнийг би та нарт овгуудын чинь дагуу өв болгон шавгаар хуваарилан өгсөн билээ. Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг өмнөөс чинь тууж гарган, хөөж зайлуулах ба Бурхан ЭЗЭНий тань та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно. Иймд Мосегийн хуулийн номд бичигдсэн бүгдээс баруун тийш ч, зүүн тийш ч огт хазайлгүй цөмийг нь бат сахин биелүүл. Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстэнтэй хутгалдалгүй, тэдний бурхдын нэрийг дурдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд мөргөлгүй бай. Харин энэ өдрийг хүртэл үйлдсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат зуурагтун. Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Харин энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарыг эсэргүүцэн зогсож чадаагүй билээ. Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн тул танай нэг хүн мянган хүнийг хөөж чаддаг. Тиймд амийнхаа төлөө өөрсдийн Бурхан ЭЗЭНийг ямагт хайрлахыг хичээн анхаарагтун. Учир нь хэрэв та нар энэ замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн эдгээр үндэстний хүмүүстэй холбогдож тэдэнтэй нийлэн гэр бүл болох юм бол та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг өмнөөс чинь хөөн зайлуулахаа болино гэдгийг бат мэдэгтүн. Харин Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол энэ үндэстнүүд та нарт урхи ба занга, нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно. Харагтун, хорвоогийн хүн бүрийн жам ёсоор би одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч талаар өнгөрөөгүй, нэг ч үг хөсөрдөөгүй, бүх үг биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа.

Video for Иошуа 23:1-14