Иошуа 20

20
Хоргодох хотууд
(Тоо 35:9–34)
1Тэгтэл ЭЗЭН, Иошуатай ярьж#Тоо 35:9–34; Дх 4:41–43, 19:1–13
2Израилийн хөвгүүдэд хэл. “Мосегоор дамжуулан Миний та нарт айлдсан хоргодох хотуудыг өөрсдөдөө сонго. 3Урьдаас сэдэж төлөвлөлгүй, санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн та нар дотор гарвал тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог. 4Эдгээр хотын аль нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдрах оромжийг өгөх ёстой. 5Хэрэв цусан өшөө авагч нэгэн нь түүнийг нэхэн хөөж ирвэл, алуурчныг тэд түүний гарт өгөх ёсгүй. Учир нь тэр хөршөө урьдаас сэдэж төлөвлөж алаагүй ба урьд нь ч түүнд өс хонзон санадаггүй байсан. 6Хотол түмний өмнө зогсон шүүгдэх цаг иртэл, тэр үеийн тэргүүн тахилчийг насан өөд болтол, тэр хүн уг хотод хоргодон амьдрах ёстой. Дараа нь хүн алсан уг хэрэгтэн өөрийн хот, өөрийн гэрт буюу зугтан гарсан хотдоо буцаж болно” гэж хэлэв. 7Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедеш, Ефраимын уулархаг нутаг дахь Шехем, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арба (энэ нь Хеброн юм) зэрэг хотуудыг сонгов. 8Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безер, Гад овгоос Гилеад дахь Рамот мөн Манассе овгоос Башан дахь Голан зэрэг хотуудыг сонгов. 9Санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн хотол түмнийхээ өмнө зогсох хүртэлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүйн тулд тийшээ зугтах боломжтой болжээ. Эдгээр хот нь Израилийн бүх хөвгүүдэд мөн тэдний дунд суугч ирмэл хүмүүст зориулагдсан байв.

Одоогоор Сонгогдсон:

Иошуа 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Иошуа 20-д зориулсан видео