Иошуа 2:1-21

Иошуа 2:1-21 АБ2013

Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог тандагтун гэлээ. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов. Харагтун, Израилийн хөвгүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой эрчүүд ирсэн байна гэж Иерихогийн хаанд дуулдав. Иерихогийн хаан, Рахабт —Танайд ирж гэрт чинь орсон хүмүүсийг гаргаад ир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн байна гэсэн хэл явуулав. Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нууж далдлаад, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй. Үдшийн бүрэнхийгээр хаалга хаах цагт тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдээгүй. Тэднийг бушуу мөшгөн хөөцгөө. Тэгвэл та нар гүйцнэ гэлээ. Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ. Ийнхүү нөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ. Ингээд нөгөө хоёрыг хажуулахаас өмнө Рахаб тэдэн уруу дээвэр дээр авиран гарч, тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдэс биднийг нөмөрснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсоныг би мэднэ. Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ. Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ. Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад бат үнэн тэмдэг өгч, миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв. Эрчүүд түүнд —Бидний амь та нарын төлөө байг! Хэрэв чи бидний хэргийг задруулахгүй бол ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нарт энэрэл хайр ба үнэнээр хандах болно гэлээ. Тэр эмэгтэйн байшин нь хотын ханан хэрмэнд байсан ба тэрээр хананд амьдарч байсан учраас тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав. Эмэгтэй тэдэнд —Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уул өөд яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Дараа нь та нар замаараа явж болно гэжээ. Эрчүүд түүнд —Биднээр чиний андгайлуулсан энэ тангаргаас бид дараах нөхцөлд чөлөөлөгдөнө. Харагтун, биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг өөр дээрээ, гэртээ цуглуулаагүй тохиолдолд ингэх юм. Хэрэв хэн нэгэн хүн гэрийн чинь хаалгаар гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид энэ тангаргаас чөлөөлөгдөг. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд гар хүрсэн байвал цус нь бидний толгой дээр бууна. Харин чи бидний энэ хэргийг задруулбал биднээр чиний андгайлуулсан энэ тангаргаас бид чөлөөлөгдөг гэв. Эмэгтэй —Та нарын хэлснээр болог гэлээ. Ийнхүү тэр тэднийг явуулж, тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяаг цонхноосоо уяжээ.

Иошуа 2:1-21 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв