Иона 3:1-10

Иона 3:1-10 АБ2013

ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж, — Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ. Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневе уруу явав. Ниневе нь гурван өдөр туулах их хот байлаа. Тэгээд Иона нэг өдөржин хотоор алхан явж, хашхиран —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв. Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртэлээ таар ороов. Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув. Тэрээр тунхаг гаргаж —Ниневед хаан болон ноёдынх нь гаргасан бошиг зарлигийн дагуу хүн амьтан, үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд бүү идээшлэг, бүү ус ууг. Харин хүн амьтан цөм таар нөмрөх ёстой. Хүн бүр муу замаасаа, гар дахь хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурханыг байдаг чадлаараа дуудаг. Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв. Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.