Иона 1:1-17
Иона 1:1-17 АБ2013
ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж — Босоод, их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав. Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар суув. Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв. Тэгэхэд далайчид айж, хүн бүр бурхнаа дуудаж, хөлөг онгоцоо хөнгөн болгохын тулд түүн дээрх ачаа тээшээ далайд хаяжээ. Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрссон байв. Хөлөг онгоцны ахмад Ионагийн дэргэд ирж —Чи яагаад унтана вэ? Босож, бурхнаа дууд! Бурхан бидэнд санаа тавьж, бид сөнөхгүй байж магадгүй шүү гэж хэлэв. Хүмүүс бие биендээ —Ирцгээ, бидэнд энэ гай хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр буулаа. Тэд Ионад —Хэл, одоо бидэнд, хэнээс болж бидэнд энэ гай ирэв? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирэв? Улс орон чинь аль вэ? Чи хаанахын ямар үндэстэн бэ? гэлцэв. Иона тэдэнд —Би еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэлээ. Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд —Чи яах гэж ингэв? гэжээ. Иона өөрөө тэдэнд хэлсэн тул тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж явааг мэджээ. Далай улам хүчтэй шуурсан учир тэд түүнд —Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв. Иона тэдэнд —Намайг барьж аваад, далайд хая. Тэгвэл далай та нарт намжина. Учир нь та нар дээрх энэ хүчтэй шуурга надаас болж байгааг би мэднэ гэж хэлэв. Хүмүүс газар уруу буцах гэж хүчтэй сэлүүрдсэн боловч чадсангүй. Учир нь далай тэдний эсрэг улам хүчтэй шуурчээ. Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч —ЭЗЭН болгоо, биднийгээ болгоож, энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй нэгний цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та тааллаараа хийсэн гэв. Ингээд тэд Ионаг барьж аваад далайд хаясанд далай догшрохоо болилоо. Тэгэхэд хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн ЭЗЭНд тахил өргөж бас ам өчиг өгөв. ЭЗЭН, Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн аж. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.