Иов 8
8
Билдадын үг: Иов гэмших учиртай
1Дараа нь шух хүн Билдад хариулан
2—Хэр удаан чи эдгээр зүйлийг чалчиж,
Амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
3Бурхан шударга ёсыг завхруулдаг уу?
Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
4Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг нүгэл үйлдсэн бол
Тэр тэднийг гэмт үйлдлийнх нь гарт тушаадаг.
5Хэрэв чи Бурханыг хайж,
Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйх юм бол,
6Хэрэв чи цэвэр бөгөөд зөв шударга бол,
Тэр гарцаагүй чиний төлөө Өөрөө босож,
Чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
7Эхлэл чинь бага байсан ч
Төгсгөл чинь агуу их болно.
8Өнгөрсөн үеийнхний талаар асууж,
Өвөг дээдсийнх нь эрэлхийлж байсныг эргэцүүлж бод.
9Бид чинь өчигдрийнх,
Газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт.
Тиймээс бид юу ч мэддэггүй билээ.
10Тэд чамд сурган хэлж,
оюун санааныхаа үгсийг гаргахгүй гэж үү?
11Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу?
Усгүйгээр зэгс ургаж чадах уу?
12Тэр нь огтлогдоогүй ногооноороо байхдаа ч
Алив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.
13Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм.
Сүсэг бишрэлгүйчүүдийн найдвар мөхнө.
14Тэдний найдвар хэврэг бөгөөд
Итгэл нь аалзны шүлсэн тор юм.
15Тэр өөрийн гэрт найддаг боловч гэр нь тогтдоггүй.
Тэр түүнээс зуурдаг боловч тэр нь даадаггүй.
16Тэрээр наранд өтгөрөн ургаж,
Мөчрүүд нь цэцэрлэгээр нэг тархдаг.
17Түүний үндэснүүд чулуун овоог ороож,#8:17 Еврейд нь нэвтрэн гарч
Тэндээ чулуун дунд үндэслэнэ.
18Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл,
Дараа нь тэр газар түүнийг үгүйсгэж
“Би чамайг огт хараагүй” гэнэ.
19Харагтун, энэ нь түүний замын баяр баясгалан агаад
Өөр хүмүүс шорооноос соёолох болно.
20Харагтун, өөлөх өөгүйг Бурхан үнэхээр үл орхино,
Ёр мууг үйлдэгчдийн гарыг
Тэрээр эс дэмжинэ.
21Тэр чиний амыг инээдээр,
Уруулыг чинь баярын дуугаар дүүргэх л болно.
22Чамайг үзэн ядагчид ичгүүрээр хувцаслах бөгөөд
Гэм буруутны майхан үгүй болох болно гэв.
Одоогоор Сонгогдсон:
Иов 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.