Иов 42:1-17
Иов 42:1-17 АБ2013
Дараа нь Иов, ЭЗЭНд хариулан —Та бүхнийг үйлдэж чаддаг, Зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ. “Мэдлэггүйгээр зорилго зөвлөгөөг хаадаг Би хэн юм бэ?” Миний хувьд үл мэдэх Дэндүү гайхалтай, ойлгоогүй зүйлээ би ярьж дээ, Та сонсооч, би ярья. Танаас асууя би, надад мэдүүлээч. Таны тухай чихээрээ сонсож л байлаа, би. Тэгтэл одоо нүд минь Таныг харж байна. Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв. ЭЗЭН эдгээр үгийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд —Та нар Миний тухай зарц Иов шиг минь зөвийг яриагүй тул Миний уур хилэн чиний эсрэг ба хоёр найзын чинь эсрэг дүрэлзэж байна. Иймээс долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө. Зарц Иов минь та нарын төлөө залбирч, та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна. Учир нь та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй. Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ. Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов. Тэгэхэд бүх ах дүү, эгч дүү нар нь хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн дээр ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдүүрийн тухайд тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав. Хүн бүр түүнд хэсэг мөнгө бас алтан бөгж өгчээ. ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв. Тэрээр долоон хүү, гурван охинтой байв. Тэрээр ууган охиноо Иемима, удаахаа Кезиа, гурав дахиа Керен-хаппух гэж нэрлэжээ. Бүх нутаг даяар Иовын охид шиг үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Эцэг нь тэдэнд ах нарынх нь адилаар өв өгчээ. Дараа нь Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач гуч буюу дөрвөн үеэ үзжээ. Иов өндөр насалж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.