Иов 31
31
1Нүдтэйгээ би гэрээ хийсэн билээ.
Тэгээд яаж би онгон охиныг хүсэмжлэн харж чадах билээ?
2Дээр буй Бурханаас надад хувь харамж,
Өндөрт буй Төгс Хүчит Нэгэнээс өв залгамжлал юу байв?
3Зөвт бус нэгэнд гай гамшиг,
Ёс бусыг үйлдэгсдэд харшлах аюул ирдэг бус уу?
4Замуудыг минь Та хардаггүй гэж үү?
Алхам бүрийг минь Та тоолоогүй гэж үү?
5Хуурмагтай би хамт алхсан бол
Хөл минь заль мэх уруу яарч байсан бол
6Зөв шударга жингээр жинлэ, намайг
Хоёргүй үнэнчийг минь Бурхан мэдэх болно.
7Алхам минь зөв замаас гарч
Зүрх минь миний нүдийг дагаж,
Гарт минь аливаа толбо наалдсан бол
8Тарьсан минь өөр хүний хоол болог,
Тийм ээ, цухуйх үр тариа минь үндсээрээ сугараг.
9Хэрэв зүрх минь өөр эмэгтэйд уруу татагдаж,
Хөршийнхөө үүдэнд би отон хүлээсэн бол
10Миний эхнэр өөр хүнийг хооллох тариаг тээрэмдэг,
Өөр эрчүүд түүн дээр орог.
11Ингэсэн бол энэ нь булай гэмт хэрэг агаад
Шүүхээр шийтгүүлэх хилэнц болох байсан.
12Энэ нь Сүйрлийн газарт хүргэтэл шатаадаг гал бөгөөд
Байгаа бүхнийг минь үндсээр нь устгах байсан.
13Миний эсрэг гомдоллох
боол эсвэл шивэгчнийхээ заргыг би үл тоомсорлосон бол
14Бурхан миний эсрэг босох аваас би хэрхэх билээ?
Тэр намайг дэнсэлсэн бол
би Түүнд юу гэж хариулах билээ?
15Хэвлий дотор намайг бүтээсэн Тэр,
тэднийг ч бас тэгсэн бус уу?
хэвлий дотроо хэлбэр адилхан бүрэлдсэн бус уу?
16Хэрэв ядуусыг би хүслээс нь татгалзуулж,
бэлэвсэн эмэгтэйн нүдийг цөхрөлд учруулж,
17Өнчин нэгэн идээгүй байхад өөрийн хувийг ганцаараа идсэн бол
18(залуу наснаасаа би түүнийг эцэг шиг нь өсгөсөн бөгөөд
эхийнх нь хэвлийнээс авахуулан тэр эмэгтэйг би удирдсан билээ),#31:18 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.
19Хэрэв хувцасгүйгээс болж үхэж буй нэгнийг
ядуугаасаа болоод нөмрөх юм юу ч үгүйг би харсан хэр нь
20Миний хонины нэхийд тэрээр дулаацаагүй бол
түүний бэлхүүс намайг ерөөгөөгүй бол,
21хэрэв гулдан хаалган дээр дэмжлэг буйг хараад
өнчин хүний эсрэг би гараа далайсан бол
22Мөр минь ар нуруунаасаа сугараг
гар минь тохойгоороо хугараг.
23Учир нь Бурханаас ирдэг гай гамшиг надад аймшиг бөгөөд
Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чадахгүй байх байсан.
24Хэрэв би найдвараа алтанд тавьж,
шижир алтанд “Чи миний баталгаа” гэж хэлсэн бол,
25Баялаг минь агуу учраас
мөн гар минь ихийг хурааснаас болж би баярладаг байсан бол,
26Хэрэв гэрэлтэн байхад нь нарыг,
сүр жавхлантайгаар өнгөрөхөд нь сарыг би хараад,
27Зүрх минь нууцханаар уруу татагдан
гараа үнссэн бол,
28Энэ ч гэсэн шийтгэгдвэл зохих хилэнц болж болохсон.
Учир нь би дээр буй Бурханыг үгүйсгэсэн хэрэг болохсон.
29Хэзээ би дайсныхаа сүйрэлд баярлаж,
түүнд ёрын муу юм тохиолдоход хөөрч байлаа?
30Амийг нь авах гэж хараал гуйхыг
Амандаа би зөвшөөрч байгаагүй.
31“Махнаас нь цадатлаа идсэн ч болоосой!” гэж
Майханд минь зочлогсдоос хэлсэн гэж үү?
32Явуулын хүн гадаа хонож байсангүй,
Хаалгуудаа би аянчдад нээсэн.
33Гэмт үйлдэлээ би өвөртөө нууж
Хилэнц нүглээ Адам шиг хааж халхалсан уу?
34Би олон түмнээс сүрдэж,
өрх гэрүүдийн жигшил намайг айлгасанд
би дуугаа хураан үүдээр гарахгүй байсан удаа бий юу?
35Өөрийг минь сонсдог нэг ч гэсэн хүн байгаасай!
Үзэгтүн, гарын тэмдгээрээ үүнийг би баталж байна.
Төгс Хүчит Нэгэн надад хариулаг!
Намайг буруутгагчийн шүүсэн баримт байсан ч болоосой,
36Мөрөндөө үүрч, титэм адил өөртөө зүүх байсан.
37Би Түүнд алхмуудаа тоо ёсоор мэдүүлж,
Жонон хүн шиг Түүнтэй тулан учрахсан.
38Хэрэв миний эсрэг нутаг минь хашхирч,
хагалсан шангууд нь уйлсан бол,
39Хэрэв би тэндэхийн үр жимсийг үнэгүйгээр идэж
эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,
40Буудайн оронд өргөст бутнууд, арвайн оронд шарилж ургаг
гэв. Ингээд Иовын үг барагджээ.
Одоогоор Сонгогдсон:
Иов 31: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.