Иов 24
24
Дэлхийн бусармагийн тухайд
1Яагаад Хүчит Нэгэн цагуудыг эс хадгалж,
Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүст
Түүний өдрүүд үл харагдана вэ?
2Зарим нь газрын шав тэмдгүүдийг хөдөлгөж,
Тэд мал сүргийг булаан авч, бэлчээртээ аваачдаг.
3Өнчин нэгний илжигнүүдийг туун одож,
Бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд тэд авдаг.
4Дорой нэгнийг замаас зайлуулдаг.
Ядуус бүгд нэг дор нуугдах болсон.
5Үзэгтүн, зэрлэг илжиг цөлд идэш эрэхийн адил
Үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.
6Тэд өөрсдийн бус талбайгаас түүж,
Буруу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл хайн цуглуулдаг.
7Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж,
хүйтэнд нөмрөх юмгүй өнжинө.
8Тэд уулын бороонд норж,
хоргодох газаргүй хад чулуу тэвэрдэг.
9Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж,
ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
10Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж,
өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.
11Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг.
Тэд дарс шахуургуудыг гишгэдэг боловч ундаасдаг.
12Хотоос хүмүүс ёолж,
шархадсан хүмүүсийн амь гол хашхирч байна.
Гэсэн ч Бурхан үүнд анхаарал тавьдаггүй.
13Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ.
Тэд гэрлийн замыг мэдэхийг ч,
түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
14Алуурчин үүрээр босдог.
Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөд
шөнө нь хулгайч шиг байдаг.
15Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн
“Намайг нэг ч нүд харахгүй” гэж нүүрээ тагладаг.
16Харанхуйд тэд байшингуудыг ухаж,
Өдөр тэд өөрсдийгөө түгжиж,
Гэрлийг тэд үл мэднэ.
17Үхлийн харанхуй тэдний хувьд өглөөтэй адил
Тэдний нөхөд нь үхлийн харанхуйн аймшиг билээ.
18Усны мандал дээр тэд хөнгөн,
Хувь газар нь хүртэл хараагдсан байдаг.
Усан үзмийн талбайнууд уруу тэд дахин зүглэдэггүй.#24:18 ЭНО-д энэ эшлэлийн өмнө Зофарын нэрийг тавьсан байдаг нь гарчиг бус энэ хэсгийн өгүүлэмжийг түүнд хамааруулсных юм.
19Ган ба халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэт
нүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.
20Тээсэн хэвлийнүүд нь тэднийг мартаж,
Өт хорхой тэднийг амтархана.
Дахин тэрээр дурсагдахгүй болж,
Хорон муу байдал мод мэт таслагдана.
21Тэд хүүсэр эмэгтэйг буруушааж,
бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй билээ,
22Харин Бурхан хүчтэний амийг хүчээрээ чирдэг.
Тэд босдог ч амийн баталгаа үгүй.
23Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч,
тэд дэмжлэг авсан байдаг.
Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.
24Тэд багахан хугацаанд өргөмжлөгдөөд,
дараа нь алга болдог.
Үүнээс гадна, тэд доош буулгагддаг бөгөөд
бусдын хамт авагдаж, өөрсдийн хадаж байсан тариан түрүү мэт огтлогддог.
25Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваас
хэн намайг худалч гэж нотлон
хэн миний үгсийг хоосон болгохыг харуулах вэ? гэв.
Одоогоор Сонгогдсон:
Иов 24: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.