Иохан 9:1-12
Иохан 9:1-12 АБ2013
Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ. Шавь нар нь Түүнээс —Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд Есүс —Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм. Намайг Илгээгчийн үйлсийг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шаваад — Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ. Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь —Энэ чинь гуйлга гуйж суудаг нөгөөх биш үү? гэхэд зарим нь —Тэр мөн байна гэцгээв. Бусад нь —Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө —Тэр чинь би байна гэж хэлэв. Тэд түүнээс —Тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд тэр —Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам уруу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. Тэд —Тэр хаана байна? гэсэнд тэр —Би мэдэхгүй гэлээ.