Иохан 8:1-24
Иохан 8:1-24 АБ2013
[Харин Есүс Чидун уул өөд явав. Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр суугаад, тэдэнд зааж эхлэв. Завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг Хуулийн багш нар ба фарисайчууд авчраад, голдоо зогсоолоо. Тэд Есүст —Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. “Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн” гэж Мосегийн хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв. Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив. Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод, тэдэнд —Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, Тэр дахин бөхийж, газарт бичив. Үүнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л байв. Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд —Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд тэр —Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс —Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.] Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. Тэгтэл фарисайчууд Түүнд —Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд Есүс хариуд нь тэдэнд —Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч, гэрчлэл минь үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг мөн хаашаа явахыг мэдэхгүй. Та нар махбодын дагуу шүүдэг бол Би хэнийг ч шүүхгүй. Харин хэрэв Би шүүвэл шүүлт минь үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. “Хоёр хүний гэрчлэл үнэн” гэж танай хуульд ч бичигдсэн байдаг. Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв. Тэгтэл тэд —Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс —Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Эцэгийг минь ч мөн таних байсан гэж хариулав. Есүс сүмд зааж байхдаа энэ үгсийг эрдэнэсийн сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа. Есүс тэдэнд дахин —Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав. Тэгтэл иудейчүүд —“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлснээрээ Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв. Есүс тэдэнд —Та нар доороос, Би дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш. Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Хэрэв та нар Би байгаа гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ.