Иохан 7:25-38

Иохан 7:25-38 АБ2013

Тэгтэл Иерусалимынхны зарим нь —Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэцгээж байлаа. Есүс сүм дотор сургахдаа хашхиран —Та нар Намайг мэднэ, бас хаанаас ирснийг минь ч мэднэ. Би Өөрөөсөө ирээгүй. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. Би Түүнээс ирсэн тул Би Түүнийг мэдэх бөгөөд Тэр Намайг илгээсэн гэсэнд тэд Есүсийг барих гэсэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэн —Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа. Есүсийн тухай хүмүүс ийн шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээлээ. Тэгтэл Есүс —Би та нартай түр зуур байна, тэгээд Намайг Илгээгч уруу явна. Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар очиж чадахгүй гэж айлдсанд иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй хаашаа Тэр явах юм бол? Грекүүдийн дунд тархсан иудейчүүд дээр очиж, грекүүдэд заах юм болов уу? “Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, та нар очиж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв.