Иохан 7:1-13

Иохан 7:1-13 АБ2013

Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. Тэгтэл дүү нар нь Есүст —Эндээс хөдөлж, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харна. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хэн ч нууцаар үйлддэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй ажээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд —Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг. Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ. Тэдэнд ийн хэлээд Тэр Галилд үлджээ. Гэвч дүү нар нь баярт явахад Есүс ч ил биш, нууцаар явлаа. Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж —Тэр хаана байна? гэцгээж байв. Хурсан олны дунд Есүсийн тухайд дургүйлхсэн шивнэлдээн их болж, зарим нь —Тэр сайн хүн гэхэд зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэцгээж байв. Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч ил ярьсангүй.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна