Иохан 6:30-40
Иохан 6:30-40 АБ2013
Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлдэх гэж байна? Та юу гүйцэлдүүлэх гэж байна? “Тэр тэдэнд тэнгэрийн талх өгөв” гэж бичигдсэнчлэн өвөг дээдэс маань цөлд манна идсэн гэцгээхэд Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрийн жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд —Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. Есүс тэдэнд —Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй. Харин “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэгчийг Би огт хөөж гаргахгүй. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм. Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа.