Иохан 6:1-14

Иохан 6:1-14 АБ2013

Үүний дараа Есүс Галилын буюу Тиберийн нуурын нөгөө тал уруу явав. Үй олноороо Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтөнүүдэд үйлдсэн тэмдгийг нь харсан ажээ. Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув. Алгасал буюу иудейчүүдийн баяр ойртсон байлаа. Өөр дээр нь үй олон ирж буйг Есүс нүдээ өргөж хараад, Филипт —Тэдний идэх талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ. Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа. Филип Түүнд —Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв. Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей, Есүст — Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс —Хүмүүсийг суулга гэв. Тэр газар зүлэг ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим эрчүүд сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд —Ертөнцөд ирэх ёстой өнөөх эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.

Иохан 6:1-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв