Иохан 5:19-30

Иохан 5:19-30 АБ2013

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Эцэгээс хийж харуулсныг нь л Хүү хийхээс Хүү юуг ч Өөрөөсөө хийдэггүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээрийг түүнчлэн хийдэг. Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр хийж байгаа бүхнээ Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. Эцэг, үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн Хүү бас хүссэндээ амь өгдөг. Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно. Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Хүүдээ Тэр соёрхжээ. Тэр бол Хүний Хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно. Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд шүүлт минь шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.

Иохан 5:19-30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв