Иохан 5:1-47
Иохан 5:1-47 АБ2013
Дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд очив. Иерусалимын Хонины гулдан хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв. Учир нь Эзэний тэнгэрэлч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсөн даруйд түрүүлж орсон хүн ямар ч өвчтэй байсан эдгэрдэг байжээ.] Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс —Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад өвчтэй хүн —Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очсоор байтал өөр нэгэн надаас өмнө орчихдог гэсэнд Есүс түүнд —Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав. Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад алхав. Тэр өдөр Амралтын өдөр байлаа. Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ. Харин тэр тэдэнд —Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад алх” гэсэн гэж хариулахад тэд —“Дэвсгэрээ аваад, алх” гэж чамд хэлсэн хүн хэн бэ? гэж шалгаав. Гэвч хэн байсныг мөнөөх эдгээгдсэн хүн мэдээгүй юм. Тэр газар олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа. Дараа нь Есүс түүнийг сүмд олоод —Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв. Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ. Есүс эдгээр зүйлийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов. Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав. Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй мөн Бурханыг Эцэгээ хэмээн Өөрийгөө Бурхантай адилтгасан юм. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Эцэгээс хийж харуулсныг нь л Хүү хийхээс Хүү юуг ч Өөрөөсөө хийдэггүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээрийг түүнчлэн хийдэг. Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр хийж байгаа бүхнээ Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. Эцэг, үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн Хүү бас хүссэндээ амь өгдөг. Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно. Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Хүүдээ Тэр соёрхжээ. Тэр бол Хүний Хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно. Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд шүүлт минь шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг. Хэрэв Би Өөрийнхөө тухай Өөрөө гэрчилбэл гэрчлэл минь үнэн биш байна. Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ. Та нар Иоханд хүн илгээхэд тэрээр үнэний тухай гэрчилсэн билээ. Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй. Харин та нарыг аврагдаасай гэсэндээ Би эдгээрийг хэлж байгаа юм. Иохан бол шатаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар тэр гэрэлд нь хэсэг зуур хөөрөн баясахыг хүсэж байсан. Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Биелүүл гэж Надад Эцэгийн өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээсэн гэж Миний тухай гэрчилдэг. Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, дүр төрхийг нь ч хараагүй. Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй. Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй. Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй. Та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би харин мэднэ. Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж авдаггүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биенээсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ? Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч нь та нарын найдвараа тавьсан Мосе мөн. Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний судар бичигт итгэхгүй бол яаж үгэнд минь итгэх билээ? гэж айлдлаа.