Иохан 4:27-54
Иохан 4:27-54 АБ2013
Энэ зуур шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хэн нь ч —Та юу хайна вэ? эсвэл —Та түүнтэй юунд ярилцана вэ? гэж хэлсэнгүй. Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот уруу эргэн явж, хүмүүст — Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд тэд хотоос гарч, Есүс уруу явжээ. Энэ хооронд шавь нар нь Есүст —Рабби, ид гэж шавдуулав. Харин Тэр тэдэнд —Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв. Шавь нар нь —Хэн нэгэн Түүнд идэх юм авчирч өгсөн юм уу? гэж өөр хоорондоо ярилцав. Есүс тэдэнд —Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм. Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ. Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн юм. Та нарын зүдэж зүтгээгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Бусад нь зүдэж зүтгэсэн бөгөөд та нар тэдний зүдэл зүтгэлд оролцсон гэж айлдав. Өнөөх эмэгтэйн “Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн” гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотын самаричууд олноороо Есүст итгэжээ. Тиймээс самаричууд Есүс дээр очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд Есүс тэнд хоёр хонов. Есүсийн үгнээс болж улам олноороо итгэлээ. Тэд мөнөөх эмэгтэйд —Одоо бид ярьсанд чинь биш харин өөрсдөө сонсоод, Энэ бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв. Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. Эш үзүүлэгч төрөлх нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчилсэн юм. Есүсийг Галилд ирэхэд Галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Тэд ч бас баярт очжээ. Усыг дарс болгож байсан, Галилын Канаадаа Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүү нь Капернаумд өвчтэй байлаа. Есүсийг Иудейгээс Галилд ирснийг түшмэл сонсоод, Түүнд очиж —Ирж, хүүг минь эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. Есүс —Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав. Хааны түшмэл Түүнд —Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. Есүс —Яв. Хүү чинь амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд, харихаар явав. Тийнхүү тэрээр буцаж явтал зарц нар нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. Түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд —Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. Тэгээд эцэг нь “Хүү чинь амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. Есүс Иудейгээс Галилд ирээд, дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.