Иохан 4:1-54

Иохан 4:1-54 АБ2013

Иоханаас илүү олон хүнийг Есүс шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) Иудейг орхин дахин Галил явжээ. Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов. Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв. Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цуцсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаар цагийн орчим байв. Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэв. Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа. Өнөөх самари эмэгтэй —Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.) Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд тэр Түүнд —Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах юм бэ? Энэ худгийг бидэнд өгсөн Иаков өвгөөс маань Та агуу гэж үү? Тэр өөрөө, түүний хөвгүүд, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. Есүс —Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд эмэгтэй Түүнд —Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв. Есүс —Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. Эмэгтэй —Би нөхөргүй гэсэнд Есүс —“Би нөхөргүй” гэж чи зөв хэлэв. Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. Эмэгтэй —Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. Өвөг дээдэс маань энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. Есүс —Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. Тэр эмэгтэй Есүст —Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Есүс түүнд —Тэр чинь чамтай ярьж буй Би байгаа юм гэж айлдав. Энэ зуур шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хэн нь ч —Та юу хайна вэ? эсвэл —Та түүнтэй юунд ярилцана вэ? гэж хэлсэнгүй. Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот уруу эргэн явж, хүмүүст — Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд тэд хотоос гарч, Есүс уруу явжээ. Энэ хооронд шавь нар нь Есүст —Рабби, ид гэж шавдуулав. Харин Тэр тэдэнд —Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв. Шавь нар нь —Хэн нэгэн Түүнд идэх юм авчирч өгсөн юм уу? гэж өөр хоорондоо ярилцав. Есүс тэдэнд —Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм. Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ. Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн юм. Та нарын зүдэж зүтгээгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Бусад нь зүдэж зүтгэсэн бөгөөд та нар тэдний зүдэл зүтгэлд оролцсон гэж айлдав. Өнөөх эмэгтэйн “Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн” гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотын самаричууд олноороо Есүст итгэжээ. Тиймээс самаричууд Есүс дээр очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд Есүс тэнд хоёр хонов. Есүсийн үгнээс болж улам олноороо итгэлээ. Тэд мөнөөх эмэгтэйд —Одоо бид ярьсанд чинь биш харин өөрсдөө сонсоод, Энэ бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв. Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. Эш үзүүлэгч төрөлх нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчилсэн юм. Есүсийг Галилд ирэхэд Галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Тэд ч бас баярт очжээ. Усыг дарс болгож байсан, Галилын Канаадаа Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүү нь Капернаумд өвчтэй байлаа. Есүсийг Иудейгээс Галилд ирснийг түшмэл сонсоод, Түүнд очиж —Ирж, хүүг минь эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. Есүс —Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав. Хааны түшмэл Түүнд —Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. Есүс —Яв. Хүү чинь амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд, харихаар явав. Тийнхүү тэрээр буцаж явтал зарц нар нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. Түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд —Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. Тэгээд эцэг нь “Хүү чинь амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. Есүс Иудейгээс Галилд ирээд, дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.

Иохан 4:1-54 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв