Иохан 3:1-12

Иохан 3:1-12 АБ2013

Фарисайчуудын дунд иудейчүүдийн удирдагч Никодем гэгч хүн байлаа. Есүс дээр тэр шөнөөр ирээд, Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж үл чадна гэв. Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд Никодем Түүнд —Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Эхийн хэвлийд тэр хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. Есүс —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ. “Та нар дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх. Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав. Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. Есүс хариулахдаа —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй. Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол тэнгэрийн юмсыг Би яривал чи яаж итгэх юм бэ?